МОНГОЛБАНК:
  • USD -
    1853.30
  • EUR -
    2342.48
  • JPY -
    17.28
  • KRW -
    1.75
  • GBP -
    2971.58
  • CNY -
    302.88
  • RUB -
    44.59
Хариуцлагатай уул уурхайг бичнэ
Бодлоготой улс төрийг бичнэ
Улс төрчдөөс амлалт нэхнэ
Популистуудыг илчилнэ
Бодлоготой асуулт, хариулт
Хөгжлийн эдийн засгийг хөхүүлэн бичнэ
Бүтээлч Монголыг бичнэ
Утаанд SOS зарлалаа
Үйлдвэрлэгч Монголыг дэмжинэ, бичнэ
Хуримтлалтай Монголыг дэмжинэ, бичнэ
Бид хүн биш асуудал хөндөнө
Жижгийг биш томыг бичнэ
Микро биш макро түвшинд хөндөнө
Тоосонцор, хүхэр, азотын давхар исэл нийслэлд аюулын хэмжээнд хүрчээ
Хоёр, гурван жилийн өмнө эр бяраараа гайхуулан явсан тамирчин залуу тоосонцрын хор уршгаас болж зүрхний хэмнэл нь алдагдаж, архаг бронхиттой болсноор олимпоос медаль авна гэсэн өрнүүн мөрөөдөл нь салхинд хийссэн хамхуул мэт замхран одлоо. Энэ харуусал биш гэж үү, энэ эмгэнэл биш гэж үү.
Тоосонцор, хүхэр, азотын давхар исэл нийслэлд аюулын хэмжээнд хүрчээ
-Утаанаас болж эрүүл мэндэд зарцуулсан зардал ДНБ-ий 27 хувьд хүрэв-
А.Төгөлдөр
 
Агаарын бохирдлоос болж өнөөдөр хорвоотой дөнгөж танилцах гэж байсан бяцхан үрс маань эхийнхээ хэвлийд насаа барж байна. Хоёр, гурван жилийн өмнө эр бяраараа гайхуулан явсан тамирчин залуу тоосонцрын хор уршгаас болж зүрхний хэмнэл нь алдагдаж, архаг бронхиттой болсноор олимпоос медаль авна гэсэн өрнүүн мөрөөдөл нь салхинд хийссэн хамхуул мэт замхран одлоо. Энэ харуусал биш гэж үү, энэ эмгэнэл биш гэж үү. Bodlogo.mn сайт утаанд SOS зарлан нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой цуврал мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаад зарим тоон мэдээ болон мэргэжилтнүүдийн холбогдох тайлбарыг хүргэж байна. Сүүлийн үед зүрх судас, уушигны өвчлөлөөр нас барагсдын 30 хувь нь тоосонцороос үүдэлтэй болохыг Дэлхийн банк болон манай мэргэжилтнүүдийн судалгаагаар тогтоов. Жил бүр улсын төсвөөс сая биш хэдэн арван тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төсөвлөдөг ч үнэндээ гарсан үр дүн нь нүдэнд харагдсангүй. “Монгол Улс агаарын бохирдлоо ойрын хэдэн жилдээ бууруулах нь юу бол. Гол учир нь хот төлөвлөлт маш муу байгаа газар агаарын бохирдлоосоо яаж салах юм бэ” гэсэн үгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулсан олон улсын хурлын үеэр гадны нэгэн мэргэжилтэн хэлсэн гэдэг. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс “Утаагүй зуух” гээчийг үйлдвэрлэж зарим дүүргүүдэд хязгаарлалтын бүсийг тогтоосон. Ингэснээр агаарын бохирдол 2012 он гэхэд 50 хувиар буурах боломжтойг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хэлж байв. Гэтэл байдаггүй ээ. Ёстой цайнд хаясан шар тос шиг Агаарын чанарын албанаас хийдэг судалгаагаар хязгаарлалтын бүсэд ч гэсэн утаа, тоосонцрын аюулын хэмжээ мэдэгдэхүйц буураагүйг хэллээ. Түүнчлэн нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол 10 хүрэхгүй хувиар буурсан ч нийслэлийн хэмжээнд огт буураагүйг доорх мэргэжилтэн онцолсон юм. 
 
Ш.Нямдаваа: Тоосонцрын хэмжээ энэ жил 40-50 хувь нэмэгдсэн
 
        Агаарын бохирдлын холбоотойгоор Агаарын чанарын мэргэжлийн албаны нарийн бичгийн дарга Ш.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. 
-Агаарын бохирдлыг бууруулах үүднээс төрөөс олон ажил хийж байгаа. Гэтэл иргэдийн нүдэнд үзэгдэх хэмжээний үр дүн төдийлөн гарахгүй юм. Тухайлбал, танай байгууллагаас агаарын бохирдлыг хэмжиж буй. Яг ямар багаж хэрэгслээр бохирдлын хэмжээг тогтоож байна вэ? 
-Францын Засгийн газартай манай улсын Засгийн газар хамтарч агаарын бохирдлыг тооцоолдог зургаан автомат машиныг өнгөрсөн 2010 онд оруулж ирсэн. Ийм төрлийн машин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 15 ширхэг байгаа. Шинжилгээний дүн нь ч гэсэн тухайн цагтаа гардаг болсон. Өөрөөр хэлбэл, 15 минут тутамд хариу нь гардаг. Өмнө нь яадаг байсан гэхээр зөвхөн хоногийн агууламжийг тогтоодог байлаа. Гэхдээ дүн нь бүр нэг хоногийн дараа гардаг байсан. Цаашдаа дан ганц нийслэлд ч биш хөдөө орон нутагт ийм автомат харуулыг /багаж/ байрлуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлаастад нэг, Үйлдвэрийн бүс болох ТЭЦ-3 орчимд нэг, мөн Ургах наран буюу хотоос зайдуу бүсэд нэг гэх мэтчилэнгээр байрлуулсан. Дээд удирдлагуудын нийтэд мэдээлж байгаа дүн бол зөвхөн эх үүсвэрийг нь багасгачихаад агаарын бохирдол төдөн хувиар буурлаа гэдэг. Үнэндээ бидний багаж хэрэгслийн дүгнэлтээр бараг буурсан зүйл байхгүй. Гэхдээ түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсэд бага зэргээр буурсан ч нийслэлийн хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй. 
-Энэ багажууд агаарын бохирдол үүсгэдэг хэчнээн төрлийн бодисыг тодорхойлдог юм. Бас гэр хорооллын хэсгийн агаарын бохирдол зуны улиралтай харьцуулахад өвөлд хэр хэмжээнд хүрч байна? 
-Манай багаж нийт найман төрлийн бодисыг тодорхойлдог. Ингэхдээ хүний эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөлтэй тоосонцор, хүхэр, азотын давхар исэл нийслэлд аюулын хэмжээнд хүрсэн. Тухайлбал, зуны улиралд гэр хорооллын агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурдаг байхад өвөлд хүхэрлэг хийн энэ хэмжээ 200-300 дахин ихэсдэг. Хүхэрлэг хий хаанаас гардаг вэ гэхээр боловсруулаагүй түүхий нүүрснээс үүсдэг. Мөн нарийн ширхэгт тоос агаарт дэгдэнэ. Мөн саяын хэлсэн азотын давхар исэл бол автомашинаас болж бараг дөрвөн улиралд үүсдэг. Түүнчлэн ямар ч улиралд аюултай зүйл бол тоосонцор юм. 
-Тэгэхээр энэ жилийг өнгөрсөн онтой харьцуулахад тоосонцрын хэмжээ ямар байв?
-Энэ жил тоосонцрын хэмжээ 40-50 хувиар нэмэгдсэн. Учир нь манай хот угаасаа сул шороо ихтэй, дээрээс нь барилга барих, зам засварын ажил их хийж байгаагаас болж маш их тоос босож байна. Гэхдээ зун бороо сайн орсон ч борооны ус хатсаны дараа нөгөө шороо нь машин, хүний хөлд босчихдог. Түүнчлэн тоосонцор их хэмжээгээр босож байгаагийн учир нь зам засах гээд баахан шороо гаргачихаад түүнийгээ эргүүлж булахгүй удаагаад байдгаас болдог. 
Тэрбээр ийн хэллээ. Гэхдээ Улаанбаатар хотын төлөвлөлт маш муу байгаагаас болж агаарын бохирдол үүсдэг аж. Учир нь нийслэлийн байрлалын хувьд салхи нь ихэвчлэн баруун хойноосоо чиглэдэг гэнэ. Тэгэхээр хотын баруун хойд хэсэгт юу их байдаг билээ. Таган дээр тавьсан ааруул шиг уулын энгэр, орой хаана л зай талбай байна тэнд баахан эсгий гэр, оройтой оройгүй байшин сүндэрлэсэн байдаг шүү дээ. Ядаж хотын төв хэсэг нь дөрвөн талаараа уулаар хүрээлсэн, бас их хотгор газар байрладаг. Ингэхээр уулын орой дээр буусан гэр хорооллын айлуудын түлшний утаа газрын хотгор хэсэг рүүгээ орж хотын төв хэсэгт суунагладаг аж. Түүнчлэн  зүүн урдаасаа эргэж салхилдаг Туул голыг дагасан салхины урсгал өмнөөс нь салхилж хотыг бүчсэн утаа байрлахад хамгийн их тусладаг байна. 
        Тэгвэл утаа, агаарын бохирдлын хор уршгаас болж эрүүл мэндэд зарцуулдаг мөнгө ДНБ-ий хэдэн ч хувьтай тэнцэхүйц хэмжээний ихээр зарцуулдаг гэнэ. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ий 12, Улаанбаатар хотын ДНБ-ий 27 хувьтай тэнцэхүйц хэмжээний эрүүл мэндийн зардал гарч байгааг Мянганы сорилтын сан, Дэлхийн банк  зэрэг олон улсын байгууллагууд тогтоожээ. Хүний эрүүл мэндэд утаа, тоосонцроос болж учирч буй өвчнүүд зүрх, судас, уушиг, мөн хүний генд нөлөөлж байгааг судалгааны байгууллагууд гаргасан аж. Харин энэ байдлаас болж шинээр мэндэлж буй хүүхдүүдийн хэд нь эндэж байгаа вэ гэх албан ёсны тоо хэлэх хүн олдсонгүй. Агаарын чанарын албанаас агаар дахь хүнд металлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн судалж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн дүн мэдээ гараагүйг тус байгууллагаас хэллээ. Түүнчлэн Цэвэр агаар сангийн мэргэжилтний хэлснээр “Өвлийн улиралд авсан зарим хэмжилтийн дүнгээс харахад 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламжийн өдрийн дундаж нь Монголын агаарын чанарын стандарт дахь 24 цагийн дундажаас долоо дахин, хөгжиж буй орнууд болон Европын холбооны стандартын 24 цагийн дунджаас  дөрөв дахин, ДЭМБ ын дэлхийн нийтэд зориулсан зөвлөмжид заасан хэм хэмжээнээс 14 дахин их байгаа” гэлээ. 
 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНЬД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.