МОНГОЛБАНК:
  • USD -
    1890.02
  • EUR -
    2327.75
  • JPY -
    15.92
  • KRW -
    1.71
  • GBP -
    2942.48
  • CNY -
    304.23
  • RUB -
    32.00
Хариуцлагатай уул уурхайг бичнэ
Бодлоготой улс төрийг бичнэ
Улс төрчдөөс амлалт нэхнэ
Популистуудыг илчилнэ
Бодлоготой асуулт, хариулт
Хөгжлийн эдийн засгийг хөхүүлэн бичнэ
Бүтээлч Монголыг бичнэ
Утаанд SOS зарлалаа
Үйлдвэрлэгч Монголыг дэмжинэ, бичнэ
Хуримтлалтай Монголыг дэмжинэ, бичнэ
Бид хүн биш асуудал хөндөнө
Жижгийг биш томыг бичнэ
Микро биш макро түвшинд хөндөнө
Ж.Энхбат: Замын цагдаагийн газрыг одоогоор татан буулгаагүй
Тиймээ, тэр газрыг тийш нь болгоод, энэ газрыг ийш нь шилжүүлнэ гэсэн юм одоогоор болоогүй, шийдэгдээгүй байна. Манай салбарын сайдын хувьд ийм ийм өөрчлөлтүүдийг хийнэ, бүтцээр нь ингэж өөрчлөнө гэсэн санаа бодлоо хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. Гэхдээ яг өнөөдөр өөрчилчихсөн юм алга.
Ж.Энхбат: Замын цагдаагийн газрыг одоогоор татан буулгаагүй

Албаны хүний үг


Ц.Эрдэнэцэцэг
Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбаттай ярилцлаа.

Замын цагдаагийн газрыг татан буулгана. Орон тоог нь цөөлнө гэсэн мэдээлэл байна. Энэ талаар бодитой мэдээлэл өгөхгүй юу?
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Замын цагдаагийн алба бүхэлдээ 4600 ажилтантай, түүний 60 хувь нь удирдах албан тушаалтан гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Энэ худал мэдээллийг нягтлахгүйгээр мэдээллийн сайтууд дамжуулан мэдээлж байгаа нь харамсалтай.
Монгол Улсын хэмжээнд замын цагдаагийн ажилтан 822 хүн байдаг. Түүнээс 436 нь нийслэлд, үлдсэн нь 21 аймгийн төв, сумдад. Нийслэлд ажиллаж байгаа цагдаа нарын 200 гаруй нь зохицуулагч, үлдсэн нь офицер бүрэлдэхүүн. Нийт 822 хүний 3.2 хувь нь удирдах албан тушаалтан. Энэ нь 1990 онд батлагдсан орон тоо. 1980 онд 32 мянган тээврийн хэрэгсэл байсан. Энэ тоо 1990 онд үсрээд 100 мянга орчим болсон байх. Гэтэл өнөөдрийн Улаанбаатар 410 мянган тээврийн хэрэгсэлтэй, сая гаруй хүн амтай болсон. 1990 оны бүтцээр өнөөдрийн нүсэр Улаанбаатарт замын хөдөлгөөн зохицуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, саадгүй зорчуулах үүргээ замын цагдаагийн алба биелүүлж байна.
Замын цагдаагийн албыг татан буулгана, тараана гэсэн мэдээлэл бас гарах юм. Энэ нь бас ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна.
Замын цагдаагийн албыг бус Замын цагдаагийн газрыг татан буулгана гэсэн ойлголт байгаа юм биш үү?

Замын цагдаагийн газрыг гэдэг нь Замын цагдаагийн алба бүхэлдээ гэсэн үг л дээ. Замын цагдаагийн газар улсын хэмжээнд ажиллаж байгаа 822 бүрэлдэхүүнээ удирдлагаар хангах, хүний нөөцөөр хангах чиг үүрэгтэй ажилладаг.
2013 онд Цагдаагийн албан тухай болон Хууль сахиулагчийн тухай хууль баталсан. Энэ хуулиудтай уялдуулаад цагдаагийн байгууллагад бүхэлд нь бүтцийн өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа. Бүтэц өөрчлөнө гэдэг нэг албыг нөгөө алба руу шилжүүлэх, нэгтгэх, шинээр бий болгох, заримыг салгах гэдэг  ч юмуу ийм байдлаар бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөнө гэсэн үг. Энэ нь аливаа байгууллага, салбарт явагддаг л үйл ажиллагаа. Өмнө нь 1998, 1999 онуудад замын цагдаагийн албаны хэлтэс, тасгууд нийслэлийн удирдлагад очиж, дүүргүүдийн харьяалалдаа ажилласан үе бий. Яг тэрэнтэй адил л удирдлага, зохион байгуулалтыг өөрчилж, нутаг дэвсгэрийн зарчмаар буюу дүүргийн цагдаагийн хэлтэс нь тухайн дүүргийнхээ замын цагдаагийн тасаг, албадыг удирдлагаар хангаж ажиллах өөрчлөлт хийгдэнэ гэсэн яриа байгаа ч одоогоор баталж, өөрчилсөн юм алга. Манай албаныхан үндсэн чиг үүргээ урдын адил хариуцлагатай үүргээ гүйцэтгэж байна. Шинэ технологи, шинэ арга барил, хяналтын шинэ шат руу гарч ажиллах ажил эрчимтэй эхэлж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн ташаа, хариуцлагагүй мэдээллээс болж ард иргэдийн дунд Замын цагдаагийн газар, алба гэж байхгүй болох юм байна, ийм хяналт байхгүй болно, байхгүй болчихвол хууль зөрчөөд чөлөөтэй явахад амар болно гэх нэг хэсэг байхад зарим нь замын цагдаагийн ажилтан байхгүйгээр хөдөлгөөн зохицуулна гэж байхгүй шүү дээ гэж гайхаж байна. Энэ мэтчилэн  ард иргэдийн санаа бодлыг хоёрдуулах, эмх цэгцгүй байдал үүсэх учир үнэн зөв мэдээллийг  ард иргэддээ хүргэх нь зүйтэй болов уу.

Таны ярианаас одоогоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд эхэлсэн юм байхгүй Хуулийн дагуу яаж өөрчлөх нь шийдэгдээгүй гэж ойлголоо?
Тиймээ, тэр газрыг тийш нь болгоод, энэ газрыг ийш нь шилжүүлнэ гэсэн юм одоогоор болоогүй, шийдэгдээгүй байна. Манай салбарын сайдын хувьд ийм ийм өөрчлөлтүүдийг хийнэ, бүтцээр нь ингэж өөрчлөнө гэсэн санаа бодлоо хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. Гэхдээ яг өнөөдөр өөрчилчихсөн юм алга. Гэтэл тааж, таамаглаж, таавраар тэгэх гэж байгаа юм байна, ингэх гэж байна гэдэг ташаа мэдээлэл гарч байгааг зөв талаас нь иргэддээ ойлгуулахыг хүсч байна.

Улаанбаатар хотод замын цагдаагийн албаны 436 хүн ажилладаг гэж ярилаа. Энэ бүрэлдэхүүнээр ажиллахад ачааллыг дийлж байна уу?
2004 онд Засгийн газар нэг тогтоол гаргасан. Нэг цагдаагийн ажилтанд 350 тээврийн хэрэгсэл ногдохоор орон тоо, нөөц хангалттай байх шаардлагатай гэсэн тогтоол байгаа. Гэтэл өнөөдөр Монголд байгаа тээврийн хэрэгслийн тооцоогоор замын цагдаагийн нэг ажилтанд 1200 орчим тээврийн хэрэгсэл ногдож байна. Тэгвэл манай хойт хөрш ОХУ-д нэг замын цагдаагийн ажилтанд 250, БНХАУ-д 350 тээврийн хэрэгсэл ногдохоор хүн хүч, бүрэлдэхүүн нь ажиллаж, хяналтаа тавьдаг. Энгийнээр бодоход 1000 мал, 200 малтай малчны малдаа тавих хяналт, маллагаа ямар байх билээ. 1000-т малчинтай адилхан ачааллыг манай цагдаа нар үүрч, ямар нэг бэрхшээл ярилгүйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг.

Энэ сарын 1-ээс замын цагдаа бэлэн мөнгөөр торгууль авдаггүй системд шилжлээ гэсэн.  Энэ ажил ямар шатанд байна?
Цагдаагийн байгууллага бүхэлдээ хүний хоёр нүдээр хянах хяналтыг тодорхой хэмжээтэй,  хангалттай биш гэж үзэж камераар замын хөдөлгөөний болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах ажлыг зохион байгуулж байна.  Сүүлийн саруудад гэхэд Энхтайвны өргөн чөлөөнд 192 камер байрлууллаа. Энэ камерийн 90 хувь нь замын хөдөлгөөний зорчих нэсгийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио зөрчиж байгааг хянадаг бол үлдсэн камер хэв журмын байдал буюу том худалдааны төвийн ойр орчимд ард иргэдийн амгалан тайван байдал хангагдах нөхцлийг хянадаг.  
Техникийн дэвшилтэт технолиогоор хяналт тавих ажлыг Энхтайвны өргөн чөлөөнд бий болгосон бол дараа жилүүдэд Чингисийн өргөн чөлөө, хойшоо Долоон буудал гэсэн босоо тэнхлэгийг хяналтдаа авна. Дараагийн жилүүдэд хэвтээ цэгээр Улаанбаатарыг бүхэлд нь хяналтад оруулна. Ийм бодлоготой явж байгаа.
Саяхан Замын цагдаагийн газарт “police radаr”  гэж багаж ажилд оруулсан. Энэ багаж бичил гар компьютер гэсэн үг. Мэдээ мэдээллийг сандаа бүртгээд, хэвлэдэг. Жолооч зөрчил гаргавал бэлэн бусаар торгох буюу торгуулийн хуудас хэвлэж өгнө. Цагдаа тасалбар бичиж, мөнгө хурааж авч мөнгөтэй харьцдаг энэ асуудал байхгүй болно гэсэн үг. 15 хоногийн хугацаанд торгуулиа төлөөгүй бол цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгуулийн хэмжээ нэмэгдэнэ.
Гэхдээ одоо энэ багажийг ашиглаад торгууль бичих үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Техникийн хувьд гааль, татвар зэрэг байгууллагуудтай сүлжээнд орох холболтын ажил хийгдэж байна. Дээр нь энэ багажийг хэрэглэх журам буюу эрх зүй хэрэгтэй. Үүнийг батлаад багажаа ашиглаад эхлэнэ. Энэ ондоо багтаана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авто машины улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг байдлыг болиуллаа гэсэн. Хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн авто машин жолоодож хөдөлгөөнд оролцдог вэ?

НИТХ-аар хэлэлцээд хөгжлийн бэрхшээлтэй буюу тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүсийг тусгай тоноглогдсон машинтайгаа дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах боломжийг  нээсэн журам баталсан. Тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан  “Тахир дутуу хүн” гэсэн тэмдгийг тээврийн хэрэгслийнхээ ард, урд талд байрлуулаад яваад байх боломжтой. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй, тусгай тоноглосон авто машин жолооддог 40 хүн байдаг юм билээ.

Шинэ жилийн баяр тэмдэглээд эхэллээ. Баяруудаар замын цагдаагийн албаныхан нэлээд ачаалалтай ажилладаг. Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах вэ?
Шинэ жилийн баяраар хүмүүсийг баярлуулдаг сайхан газрууд зөндөө байна. Гэтэл тэр сайхан газрууд үйлчлүүлээд гарч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаггүй. Баярлуулчихаад мөнгийг нь аваад гаргахдаа яаж гэртээ харих бол, аюул осолд холбогдохгүй гэх баталгаа байна уу гэдгийг хянадаггүй. Зөнд нь орхичихдог. Баяраа тэмдэглэж байгаа байгууллага ч үүнийг анхаардаггүй, орхигдуулдаг. Үүнээс болж тал тал тийшээ баахан хөлчүү хүмүүс машинаа бариад явдаг. Тэгж яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс эхлээд аюул осолд өртөж, амь насаа алдах эрсдэлд ч орж байна. Тиймээс баяраа тэмдэглэж байгаа байгууллагуудад автобус хөлсөлдөг юмуу, дуудлагын жолооч дууддаг юмуу хүмүүсээ гэр гэрт нь аюулгүй хүргэх арга хэмжээг баярынхаа хөтөлбөрт тусгаад хэрэгжүүлээсэй гэж анхааруулмаар байна.
Замын цагдаагийн албаны хувьд өмнөх жилүүдийн адил бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНЬД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.